Байгууллагын вэб сайтаа wordpress дээр хийх 7 шалтгаан

Саяханыг хүртэл компанийн вэб сайт нь зөвхөн танилцуулга төдий буюу бидний тухай, захирлын мэндчилгээ, үйл ажиллагаа, холбоо барих зэрэг тодорхой хэдхэн зүйлийг багтаасан нэгэн хэвийн бэлэгдлийн чанартай зүйл байсан төдийгүй вэб сайтаа хийлгэх гэж мэргэжлийн програмист хөлсөлдөг байлаа. Гэвч цаг үе өөрчлөгдөн дижитал маркетингийн чиг хандлага хүчээ авснаар компанийн вэб сайтын хэрэглээ ч мөн шинэ түвшинд гарч маркетингийн нэг чухал арга хэрэгсэл болж байна. Гэвч мэргэжлийн програмист ашиглан хийлгэсэн вэб сайт нь зарим зүйлээр хязгаарлагдмал байдаг. Тухайлбал маркетерүүдийн юу хүсч буйг вэб хөгжүүлэгчид ойлгож мэдэрч чадаагүйгээс үүдэн байгууллагын вэб сайт зарим талдаа дутмаг байгаа нь вэб сайтыг маркетингийн арга хэрэгсэл болгон ашиглахад хүндрэлтэй болгодог.  Тиймээс энэ удаа компанийнхаа вэб сайтыг яагаад 15 сая хэрэглэгчтэй WordPress АУС-ийг ашиглан хийх хэрэгтэйг тайлбарлая.

1.  WORDPRESS ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР

WordPress хүн бүрт зориулагдсан учир хэрэглэхэд маш хялбар. Үүнд: WordPress-ээ хостдоо суулгах, theme суулгах, засварлах, шинэ хуудас үүсгэх, мэдээ оруулах, өөрчлөх, вэб сайтаа шинэчлэх гээд бүгд багтана. Ойлгомжтой, цэгцтэй, энгийн удирдлагын самбар нь анх удаа харж байгаа хүнд ч хаана юу байгааг маш тодорхой харуулж өгдөг.

2. ПРОГРАМЫН ХЭЛ МЭДДЭГ БАЙХ ШААРДЛАГАГҮЙ

Энэ мэдээж хамгийн чухал зүйл. Дээр хэлсэнчлэн урьд өмнө вэб сайт хийх нь зөвхөн мэргэжлийн код бичдэг хүмүүсийн ажил байсан бөгөөд захирал шинэ вэбтэй болох ажлыг маркетерт даалган маркетерууд мэргэжлийн хүмүүсийг хайдаг байсан. Харин WordPress энэхүү ажлыг хөнгөвчлөн маркетерууд огт код мэдэхгүй ч компанийн вэб сайтаа өөрөө хийх боломжтой болгож өгсөн. Үүний тулд эхлээд theme худалдан авахад хангалттай бөгөөд ихэнхи theme-нүүдэд Visual Composer болон өөрсдийн Drag-In-Drop вэб хуудас хөгжүүлэгч програмыг давхар суулгаж өгсөн байдаг. Энэ нь таныг код бичих шаардлагагүй зөвхөн өөрт хэрэгтэй зүйлсийг сонгон байршуулж яг л лего тоглоом шиг вэб сайтаа сонирхотой байдлаар өрөх боломжыг гаргаж өгсөн.

3. ХҮССЭН БҮХ НЭМЭЛТЭЭ СУУЛГАХ БОЛОМЖТОЙ

Худалдаж авсан theme-д тань хүссэн зүйлүүд байхгүй бол удирдлагын самбар дахь плаг-ин цэс болонhttps://codecanyon.net/category/wordpress сайтаар дамжин өөр хэрэгцээтэй байгаа нэмэлтүүдийг суулгаж болно. Энд нийт 50 мянга гаруй  плаг-ин байгаа учир хайсан зүйлсээ олно гэдэгтээ итгэлтэй байж болно.

Жишээ нь: Facebook гар утсаар дамжин орж буй хэрэглэгчиддээ зориулж дата унахгүй мэдээлэл унших боломжыг бий болгох зорилгоор Instant Article үйлчилгээг гаргасан бөгөөд үүнийг плаг-ин ашиглан маш хялбараар вэб сайттайгаа холбох хялбар боломжыг WordPress гаргаж өгсөн. 

4. НИЙТЛЭЛ ОРУУЛАХАД ЗОРИУЛАГДСАН

WordPress анх гарахдаа блог хэлбэрээр үүссэн учир нийтлэл оруулах хэсэг нь хамгийн сайн хөгжсөн. Зөвлөгөө, нийтлэл, мэдээллээ хэрэглэгчид хүртээмжтэй, бүтээлч, бусдаас өөрөөр хийхэд шаардлагатай бүх зүйлсийг wordpress гаргаж өгсөн.

5. ЦАГ ҮРГЭЛЖ ШИНЭЧЛЭГДЭНЭ

Байнгын шинэчлэл бол маш чухал зүйл. WordPress-ийн програм, худалдаж авсан theme болон нэмэлтплаг-ин-ууд тогтмол цаг үргэлж шинэчлэгдэж байдаг. Тиймээс вэб сайтаа хоцрогдож дахиж шинээр хийж зардал гарна хэмээн санаа зовох зүйлгүй. Зөвхөн шинэчлэл бүрийг цаг алдалгүй хийж байхад хангалттай.

6. ХАЙЛТЫН СИСТЕМД ОНОВЧЛОГДСОН

Хайлтын илэрцэд дээгүүр эрэмбэлэгдэх нь дижитал маркетингийн голлох чухал үзүүлэлт байдаг. WordPress дээр хийгдсэн вэб сайт нь хайлтын системд автоматаар оновчлогддог гэдгийг Гүүглийн Matt Cutt хэлсэн. Мөн энэ танд хангалтгүй санагдвал хамгийн өргөн хэрэглэгддэг Yoast SEO плаг-ин ашиглан хайлтын системд илүү нарийвчлан оновчлогдох боломжтой.

7. ГАР УТАС БОЛОН ТАБЛЕТ ДЭМЖИНЭ

Өнгөрсөн жилээс Гүүгл компани вэб сайт нь гар утас болон таблет дэмжихгүй бол автоматаар хайлтын системийн ард эрэмблэгддэг байхаар болгосон. Харин WordPress-ын хувьд бараг бүх theme нь гар утас, таблет дэмждэг тул хайлтын системд хамгийн сүүлд эрэмбэлэгдэнэ гэж санаа зовох зүйлгүй.

Эцэст нь, компанийн вэб сайт хийхдээ WordPress ашиглах нь нэмэлт зардлыг бууруулж, мэргэжлийн вэб хөгжүүлэгчгүй ч чанар дизайны өндөр түвшинд вэб сайтаа өөрөө хийж хэн нэгнээс хараат бусаар хүссэн загвар, дизайнаараа вэб сайтаа хөгжүүлэх боломжыг танд олгоно.

via https://www.bzp.mn/