Монгол Улсыг олон улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA” болов

“Welcome to Mongolia” түлхүүр үг нь Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид “GO MONGOLIA” үндэсний брэнд аялал жуулчлалын салбараас гадна, эдийн засгийн салбар, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үг болж байна.

14 сарын туршид Монгол Улсын тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон эрдэмтэн судлаачид, улстөрч, сэтгүүлч, соёл урлагийн салбарын төлөөллийг хамруулсан судалгааны баг ажиллаж, Монгол Улс, монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг ийн тодорхойлжээ.

Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA” нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг багтаажээ. Өөрөөр хэлбэл олон Улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсныг хамтарсан судалгааны багийнхан хэлж байна.

“Go Mongolia” түлхүүр үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах ба зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлэх юм.

Монгол Улсыг олон улсад илэрхийлэх уг түлхүүр үгийг Соёлын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран гүйцэтгэжээ.

Via Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.