Архитектур гэдэг ойлголт эрт дээр үеэс үүсэлтэй бөгөөд анх хүн төрөлхтөн байгаль цаг уурын нөхцөлүүдээс болж хоргодох газар, оромж байр барихаас эхлэн анхны барилга байшин баригдаж эхэлсэн тэр үеэс хөгжлийн тухай авч үзэх зайлшгүй шаардлага гардаг. Хүн төрөлхтний соёлын хөгжлийн хурдацын дагуу, техникийн шинжлэх ухаан хөгжихийн хирээр хүний бүх талын хэрэгцээг хангасан, гоо сайхны таашаалд нийцсэн орон байр, барилга байшин, хот суурин хэрэгтэй болсон. Ингэж архитектурын  үндсэн ухагдахуун буюу орон зай, хийц бүтээц, жин,  хэмжээ харьцаа, гоо зүй, материал, өнгө,  гэрэл сүүдрийн тухай ойлголт гарч иржээ. Барилга нь бат бөх байх, хүний хэрэгцээг хангасан ашигтай байх, гоо сайхны шаардлагад нийцсэн байх гэсэн архитектурын үндсэн гурван зарчмыг Ромын уран барилгачин Витрувиус анх  манай эриний нэгдүгээр зуунд тодорхойлж өөрийн номондоо бичжээ. Энэ нь одоо ч гэсэн архитектурын онолын үндсэн зарчим болж байна.