ДУЛААНЫ АЛДАГДАЛГҮЙ БАЙШИН БАРИХ АРГАД СУРГААД, АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ (МБҮА) нь барилгын ажил хийж байсан, зохих хэмжээний ойлголттой, гарын ур дүйтэй хувь хүмүүс, бригадыг эрчим хүчний хэмнэлттэй, байшингийн дулаан алдагдлыг бууруулах технологийн сургалтанд хамруулсны дараа шаардлага хангасан 50-100 багийг 1000 байшин дулаалах ажилд шалгаруулж авах аж.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг, утааг арилгах олон санал санаачилга гарч, олон тэрбум төгрөг зарцуулж, бүтээгдэхүүн нийлүүлсэн ч нүдэнд харагдаж, хамарт мэдрэгдэх үр дүн гарахгүй байгааг хэн хүнгүй мэднэ. Улаанбаатар хот утаагүй өвөлжихийг тийм ч ойрхон харахгүй нь ойлгомжтой боллоо. Тэгвэл ядаж утааны хэмжээг бууруулах юмсан.

Утааны гол эх үүсвэрүүдийн нэг нь гэр хороолол. Тэдний түлшний үндсэн хэрэглээ нь нүүрс. Нүүрсийг орлох шахмал түлшний сураг гарсан нь үйлдвэрлэл жигдрээгүй. Дагаад борлуулалтын суваг, түгээлт, үнэ ханш нь ч тодорхой болоогүй байна. Тэгэхээр, ойрын хугацаанд лав зах зээлд нэвтрэхгүй. Шалны халаалт буюу халаалтыг цахилгаанаар шийдэх гэхээр өртөг өндөртэй. Нүүрсийг нь халж чаддаггүй юм бол түлэх нүүрсний хэмжээг нь багасгах юу хийж болох вэ?

Байшин буюу хауснууд шал, хана, дээвэр, цонх, хаалга гэсэн хэсгүүдээр дулаанаа алддаг.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80% гэр хорооллын нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй байна. Хэрэв байшингийн дулаан алдагдлыг 20-30% буурууна гэвэл нүүрсний хэрэглээг 30%-р бууруулах боломжтой юм байна.

“Улаанбаатар хотын төлөвлөгдөөгүй бүсэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг барихад зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх” төслийг Франц улсын ЖЭРЭС буюу “Сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчин, эв нэгдлийн групп” санаачлан МБҮА, Барилгын Эрчим Хүч Хэмнэлтийн Төв (БЭХХТ), Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв (ГИОАОЗТ), П.И.Н зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа аж.

Тэд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдлыг бууруулах шийдлийг барилгын чиглэлийн аж ахуйн нэгж, бригад, хувь хүмүүст зааж сургаж, төслийн хүрээнд ажлаар хангах юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд (http://mnca.mn/mon/25/item/307) дарна уу. Эсвэл 95951740 дугаарын утсанд залгаж, бүртгүүлээрэй.

Улаанбаатар хотын хэмжээнд 160,000 орчим байшингийн дулаан алдагдлыг бууруулах шаардлага байдаг.  Айл өрхийн амжиргаанд тустай, дулаан алдагдлыг бууруулах технологийг цаашид тогтвортой, хамтран ажиллах сонирхолтой хүмүүст зааж сургах юм байна.